Search
Close this search box.

Бидний отгон ажилтан хуримаа хийлээ.

Бридж ХХК-ийн отгон ажилтан маркетингийн дизайнер Э.Бадам-Очир үзэсгэлэнт бүсгүй Б.Хүслэн нар хуримаа хийлээ.

Бидний отгон ажилтан Э.Бадам-Очир маань энэ өдөр гал голомтоо бадрааж хуримаа хийж байгаад хамт олон нь халуун баяр хүргэж байна.

Бридж корпорацийн ТУЗ-ын дарга Д.Ганхуяг амласныхаа дагуу хуримд ирж хамт олноо төлөөлж “манай Бадам-Очир Маркетингийн Дизайнер мэргэжилтэй. Энэ мэргэжил бол ялангуяа дижитал эрин зуунд чухал мэргэжил юм. Түүний мэргэжлийн өнөөгийн зорилгыг товчхон хэлбэл хэрэглэгчдэд тэдний эрэлт, олон талт хэрэгцээг хангасан бүтээгдэхүүний онцлог, давуу талыг маш богиноор, тодорхой, маш ойлгомжтойгоор дүрсээр, video бичлэгээр илэрхийлэх үйл ажиллагаа юм. Үүнд төрөлхийн авьяас, дээр нь мэргэжлийн нарийн ур чадвар шаардлагатай. Ийм мэргэжилтэй хүү амьдралынхаа зорилтыг богино, дунд, хугацаагаар харсан нь тодорхой гэж бодож. Би өнөөдөр  энэ насан дээр сайхан амьдрал бол “Хүсэл мөрөөдөл, Амьдралын зорилго, Хайр” гурав дээр тогтдог юм байна гэдгийг мэдэж, мэдэрч явна. Гэр бүл зохионо гэдэг гайхамшиг, нөгөө талаас нь харвал хариуцлага байдаг. Бадам-Очир хүү нэгэн эр хүний хувьд нэгэн хайртай бүсгүйгээ болон гэр бүлээ залаад явчихна гэдэгт ер эргэлзэхгүй байна. Хань тань аз жаргалтай бол үр хүүхэд чинь жаргалтай,  тэд аз жаргалтай байгаа бол Аав таныг гарцаагүй хүндлэх болно. Ингээд Бадам-Очир, Хүслэн нартаа  энэ ертөнцийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!”  гэсэн үг хэлсэн юм.  

Энэ хэлсэн үг нь утга төгөлдөр ялангуяа залуу гэр бүлд бодууштай санагдсаныг тэмдэглэх байна.

Энэ дэлхийн олон тэрбум хүнээс бие биеэ олсон та хоёртоо хамт олныхоо өмнөөс дахин чин сэтгэлийн баяр хүргэж аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.  
 
 Хорвоод хүн болж инээж ирэх амаргүй
Холын хоёр Од онож тохиох амаргүй
Амаргүй бүхэн тавилангаараа бүтэж аз тохиосны учир
Айлын хоёр багана мөнх оршихыг ерөөе
Тооноор нь нарны туяа цацарч тогоонд нь жаргалын цай дэвэрсэн сайхан айл болоорой!


2022 оны 9-ээр сарын 28-ны өдөр
Бридж ХХК-ийн хамт олноос
Мэдээллийг оруулсан ТУЗ-ийн даргын туслах Р.Дуламсүрэн

Нийтлэх хуваалцах: